2013 оны 11 дүгээр сарын 13-нд Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Монгол улсад “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015 оноос 2020 оныг хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.
Төслийн зорилго нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг (орчны бүс болон экологийн коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд оршино.
Төсөл нь дараах 4 бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:
Бүрэлдэхүүн хэсэг 1.Тусгай хамгаалалттай газрууд болон тэдгээрийн орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг сайжруулах, төслийн бэлтгэл хангах
Бүрэлдэхүүн хэсэг 1-ийн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ:
- Тусгай хамгаалалттай газар нутгийн болон Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг оролцооны аргаар боловсруулах болон дахин хянаж сайжруулах:
- Бие даан орлого бүрдүүлэх боломжтой, зөвшөөрөгдсөн тусгай хамгаалалттай газруудад Бизнес төлөвлөгөөг боловсруулах.
- ТХГН, тэдгээрийн орчны бүсэд экологи, нийгэм эдийн засгийн суурь судалгаа явуулах,
- Тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадын интернэтийн сүлжээг сайжруулах,
- ТХГН-уудын хамгаалалтын захиргаадыг нэн тэргүүнд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах,
- ТХГН-ийн Орчны бүсэд итгэлцлийг бэхжүүлэх, хамтын оролцоотой менежментийг хөгжүүлэх зорилгоор нийгэм, олон нийтэд чиглэсэн дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих
Бүрэлдэхүүн хэсэг 2. Тусгай хамгаалалттай газруудын батлагдсан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
ТХГН-уудын менежментийн үр ашигт байдлыг дээшлүүлэх зорилгоор дэд төслүүдийг санхүүжүүлнэ. Нэг төслийн санхүүжилтийн хязгаар 200 сая төгрөгөөс 1,5 тэрбум төгрөг байна. Төслийн саналыг тухайн ТХГН-ийн хамгаалалтын захиргааны нэр дээр ирүүлнэ. Дэд төслийг хэрэгжүүлэхэд хамгаалалтын захиргаа чадвар, туршлагатай ТББ-тай хамтрахыг дэмжих бөгөөд үүнийг давуу тал гэж үзнэ. Бүрэлдэхүүн хэсэг 2 нь төслийн эхний үе шатанд зөвхөн Төв, Хангай, Зүүн бүсэд хэрэгжинэ.
Дэд төслийн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг санхүүжүүлнэ. Үүнд:
- ТХГН-ийн хамгаалалттай газруудын үндсэн дэд бүтцийг хөгжүүлэх,
- Ой хээрийн түймэр, хортон шавьжнаас сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх,
- Орчны бүсийн өөртөө туслах сан бий болгох, биологийн олон янз байдлыг хамгаалах болон хамтын менежментийн гэрээний хэрэгжилтийг дэмжих;
- Хяналт, үнэлгээний системийг бий болгох, сайжруулах;
Бүрэлдэхүүн хэсэг 3: Үндэсний болон бүсийн түвшинд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх
- Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, хамгаалалтын захиргаадын мэдээллийн менежментийг сайжруулах \
- Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал хөгжүүлэх, ой, бэлчээрийн тогтвортой менежментийн концепци боловсруулах, хэрэгжүүлэх,
- Үндэсний хэмжээнд тусгай хамгаалалттай газруудад ашиглахуйц олон нийттэй харилцах мэдээлэл сурталчилгааны материалуудын загвар (эвхмэл хуудас, товхимол, дүрэмт хувцас, хилийн тэмдэг, тэмдэглэгээ гэх мэт) боловсруулах,
Бүрэлдэхүүн хэсэг 4. Сургалт , бодлого, судалгааны хамтын ажиллагаа
- Хамгаалалтын захиргаадын сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, сургалтын концепци /хөтөлбөр/ боловсруулах;
- Бүсийн сургалт, судалгааны төвүүдийг тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах;
- Сэдэвчилсэн ажлын хэсгүүдийг (аялал жуулчлал, ТХГН-ийн сүлжээний тогтвортой санхүүжилт, орчны бүсийн хөгжил, бэлчээр, ойн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлын хамгаалал, уул уурхайн зохицол гэх мэт) зохион байгуулах, семинар, сургалт, бодлогын хэлэлцүүлэг хийх;
- Үндэсний болон бүс нутгийн хэмжээнд ТХНУГ болон судалгааны байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны концепцийг боловсруулах
Төслийн санхүүжилт
Төслийн нийт санхүүжилт: 15.3 сая евро. Үүнд:
- ХБНГУ-ын Засгийн газар 11.5 сая евро
- Монгол Улсын Засгийн Газар 6.65 тэрбум төгрөг.
Төсөл хэрэгжих хугацаа
Төсөл нь 2015-2020 онд дараах гурван үе шаттай хэрэгжинэ:
- Эхлэл үе (6 сар): Төсөл хэрэгжүүлэх бодлого, журмуудыг боловсруулах, төслийн саналуудыг хүлээж авах, сургалтын хөтөлбөр боловсруулах, ТХГН-уудын менежментийн болон бизнес төлөвлөгөөг сайжруулах;
- Хэрэгжилтийн үе (48 сар).
- Дүгнэх үе (6 сар): Үйл ажиллагаагаа явуулж дуусгах, үнэлгээ хийх;
Төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
- ТХГН-ийн менежментийн үр ашигтай байдал мэдэгдэхүйц сайжирсан байна.
- Хамгаалалтын захиргаадын болон орчны бүсийн зөвлөлийн менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан ой, бэлчээрийн хамгаалалтыг сайжруулан тогтвортой хөгжүүлж байгалийн замаар нөхөн сэргээгдэх боломжийг бий болгоно.
- Монгол орны улаан ном болон хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан, устах аюулд орсон биологийн олон янз байдлын (амьтны аймаг, ургамлын аймаг) тоо толгой тогтвортой түвшинд хүрнэ.
- Нийгэм эдийн засгийн үйл ажиллагаа болон байгалийн нөөцийг зөв зохистой удирдан зохион байгуулах үйл ажиллагаа явуулах замаар нутгийн иргэдийн амьжиргааны нөхцөл сайжирч тогтвортой болно.