Арьяабалын бясалгал бүтээлийн хийд

     Тус бясалгал бүтээлийн хийдийг 1998-2004 онд барьж дуусгажээ.  Зааны хошуу мэт хэлбэртэй 108 чулуун шаттай.

     Хийдийг тойруулан 108 жижиг суварга, шашны 8 тахил, хангагч эрдэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэсэн төмөр хашаагаар хүрээлжээ. Сүмийн байшинг тойрсон 108 хүрдийг эргүүлж гороолоход “Ум мани бадми хум” тарни олон дахин уншигдсантай тэнцэнэ хэмээнэ. Аръяабал сүмийн зүүнтээ уулын энгэрт Маанийн 6 үсгийг өнгө алаглуулан сийлсэн байдаг. Сүмийн байшинг тойруулан дээврийн доод хэсэгт 3 ертөнц буюу тэнгэрийн орон, хүмүүний ертөнц, тамын ертөнцийн дүрслэл бий. Сүмийн дотор талд 8 мутарт Аръяабал буюу Жанрайсиг бурхан хойморт нь бурхан багшийн хамтаар залардаг.

    Сүмийн баруун хойхно талд жаахан зайтай Мял богдын агуй гэж байдаг ба арын уулын том хадыг ашиглан өмнө талд нь жижиг сүмийн байшин барьж тохижуулжээ. Мял богдын агуйн баруун дээд талд уулын энгэрт бурхадыг хөрөглөн зурсан байдаг. Баруун дээд талаас Жанрайсиг бурханд 1000 мутар хайрласан шар лагшинтай Авид гэгээн, хүн ардыг аюулаас авран мэлмийгээр болгоогч цагаан лагшинтай Чагши Жанрайсиг, буддын шашны үндэслэгч шар лагшинтай Бурхан багш, монголчуудын язгуурын 3 бурханы нэг шар лагшинтай Оюун ухааны Манзушир, Монголыг даасан сахиус хөх лагшинтай Очирваань бурхадын хөрөг бий. Дээш өгссөн замын төгсгөлд тус хийдийн гэрэлт хөшөөг мэлхий чулууны нуруун дээр байгуулаад, доод талд нь Цагаан өвгөний дүрийг залсан байдаг. Цаана нь Хүрдний асар байх ба асарын таазанд 150 хүртэл тоо бүхий сум заасан тэмдэглэгээ бий, хүрдийг эргүүлэхэд сумны үзүүр ямар нэгэн тоон дээр зогсох ба тухайн өдрийн зурхайг зааж байдаг. Заасан тооны тайллыг Аръяабал сүм рүү явах хөндлөн зам дагуух самбар дээрээс харж уншина. Хүрдний цаана бурхан багшийг дагуул 2 шавь буюу Модголжибу, Шаарибутай хамт бүтээн залжээ. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now