Монгол Улсын аялал жуулчлалын салбар нь үзэсгэлэнт байгаль, нүүдэлчний соёлд түшиглэн өргөн хүрээтэй биш хэдий ч эрчтэй өргөжин тэлж байна. Олон улсын эко аялал жуулчлалын нийгэмлэгийн тодорхойлсноор “Эко аялал жуулчлал” гэдэг нь байгаль орчныг хамгаалсан, орон нутгийн иргэдийн сайн сайхан оршихуйг дэмжсэн, аялагчдын танин мэдэхүйг дээшлүүлэхэд чиглэсэн хариуцлагатай аялал юм. Эко аялал жуулчлалаар нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, тусгай хамгаалалттай газрын ашгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой.

Монгол Улсын хувьд ийм эх үүсвэрүүдээс ихээхэн орлого олох асар өндөр боломж бий. Tус улсын нийт газар нутгийн 17 гаруй хувийг (27 сая га) хамгаалалтад авсан ба үүнд мянга мянган жилийн туршид оршин тогтнож буй нүүдлийн мал аж ахуй бүхий говь, тал хээр, мөнх цаст уулс бүхий хангай нутаг хамрагддаг.

Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын дэглэм, бүсчлэлийн зохион байгуулалтад биологийн олон янз байдлыг хамгаалах зорилтын зэрэгцээ суурин газар, малын бэлчээр болон орон нутгийн иргэдийн амьжиргааны онцлогийг харгалзах нь зүйтэй.

Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт эдийн засгийг төрөлжүүлэх чухал ач холбогдол бүхий шинэ эх үүсвэр нь аялал жуулчлал хэмээн  тодорхойлсон бөгөөд байгалийн цогцолбор газрууд болон тэдгээрийн ойр орчимд эко аялал жуулчлал хөгжүүлэх шаардлага байгааг онцолсон байдаг. Түүнчлэн, Монгол Улс нь Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (КАРЕК)-ийн гишүүн бөгөөд тус хөтөлбөрийн зүгээс аялал жуулчлалыг мөн эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйлээр тодорхойлсон байдаг.

 

Гэхдээ, зохистой төлөвлөлтгүйгээр хөгжиж буй аялал жуулчлал нь байгаль орчин, соёлын өвд сөргөөр нөлөөлж, оршин суугчдад үр өгөөж хүртээхгүй байх нь түгээмэл. Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хамгийн багадаа дараах дөрвөн үндсэн чиглэлд анхаарах нь зүйтэй.

Нэгдүгээрт, бүтээн байгуулалт ба байгаль орчны хамгааллын үйл ажиллагааг төлөвлөхдөө институц, тогтолцооны бодлогуудтай уялдуулан нэгтгэх шаардлагатай байна. Ихэнх улс орнуудын адилаар Монгол Улсад  байгалийн цогцолборт газрууд нь байгаль орчинг хамгаалахаас гадна орон нутгийн иргэдийн амьжиргаагаа хангах эх үүсвэр болдог. 

Тусгай хамгаалалттай газруудыг хөгжүүлэх төлөвлөгөө болон орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөг харилцан уялдаа бүхий зорилго зорилттой хэрэгжүүлэх нь үр дүнтэй бөгөөд оролцогч талуудын нэгдсэн байр суурь, хүн ам ба аялал жуулчлалын өсөлтийн төсөөлөл, хот хөдөөгийн хөгжлийн төлөвлөлт, байгаль орчны хамгааллын шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулбал зохино.

Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын дэглэм, бүсчлэлийн зохион байгуулалтад биологийн олон янз байдлыг хамгаалах зорилтын зэрэгцээ суурин газар, малын бэлчээр болон орон нутгийн иргэдийн амьжиргааны онцлогийг харгалзах нь зүйтэй. Энэхүү харилцан зөвшилцлийг өрнүүлэхэд амаргүй ч зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнд төрийн захиргааны байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоо нэн чухал.

Тодорхой нэгэн байгалийн цогцолборт газар, эсвэл байгалийн нөөц газрын хувьд аялал жуулчлалын зөвлөл байгуулснаар аялал жуулчлал, хамгаалалттай газрын менежментийн үйл ажиллагаанд иргэний нийгэм оролцох боломж бүрдэнэ. Аялал жуулчлалын зөвлөл нь оролцогч талуудын хооронд мэдээллийн солилцоо, итгэлцлийг бий болгох зорилготой бөгөөд оршин суугчид, иргэний нийгэм болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөл багтдаг.

Тодорхой хугацаанд туршлагажсаны үндсэн дээр аялал жуулчлалын зөвлөлүүд тухайн тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалын менежментийг бие даан хариуцах чадвартай болж, хамгаалалттай газрын захиргаа нь байгаль хамгааллын үйл ажиллагаанд төвлөрөх боломжтой болно.

Аялал жуулчлалын салбарын менежментийн нэгэн чухал арга хэрэгсэл бол аялал жуулчлалын концессийн гарын авлага юм. Тус гарын авлагад хог хаягдлын менежментийн стандарт зэрэг аялал жуулчлал эрхлэгчдийн заавал даган мөрдөх байгаль орчин, нийгмийн хэм хэмжээ, дүрэм журмуудыг тодорхойлдог ба орон нутгийн ханган нийлүүлэлт, оршин суугчдын хөдөлмөр эрхлэх боломж (хүнсний хангамж, хөтөчийн үйлчилгээ гэх мэт) зэргийг чухалчилсан байдаг. 

Байгаль хамгаалал ба бүтээн байгуулалтын тэнцвэрийг хангахад салбар дундын хамтын ажиллагаа, зохицуулалт зайлшгүй чухал гэдгийг энэхүү нийтлэлд онцлохыг зорилоо.

Аялал жуулчлал эрхлэх лиценз шинээр авах, сунгуулах нөхцөл ил тод, ойлгомжтой болсноор бизнес эрхлэгчид хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаагаа төлөвлөх тогтвортой орчин бүрдэнэ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын тусгай хамгаалалттай газруудад зориулан аялал жуулчлалын концессийн менежментийн дэлгэрэнгүй удирдамжийг боловсруулсан байдаг.

Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дараах дөрвөн үндсэн чиглэлд анхаарах нь зүйтэй.

Хоёрдугаарт, тусгай хамгаалалттай газрын менежментийн үйл ажиллагаа, жуулчдын хэрэгцээг хангах дэд бүтцийг бий болгох буюу сайжруулах шаардлагатай. Байгаль орчны хамгаалал, оршин суугчдын амьжиргаа, аялал жуулчлалын хөгжлийн тодорхой зорилго, зорилтуудыг тусгай хамгаалалттай газрын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр дараах ажлуудыг нарийвчлан төлөвлөж, хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд:

  • Орох болон гарах зам, цахилгаан хангамж, бага оврын амралт, зугаалгын байгууламжууд (аялал жуулчлал хөгжүүлэхээр тодорхойлсон бүсүүдэд).
  • Автомашины зогсоол, хаалт, тэмдэг тэмдэглэгээ (зочдын урсгалыг зохицуулахад чиглэсэн).
  • Хамгаалалттай газрын захиргааны байр ба зочдод үйлчлэх төвүүд (хамгаалалттай газрын захиргаа, аялал жуулчлалын менежментийн багийг ажиллах нөхцөлөөр хангах төвлөрсөн цэгүүд).

Ийм дэд бүтэц бий болсноор аялагчдын тусгай хамгаалалттай газар руу нэвтрэх нөхцөл боломж, хөдөлгөөний урсгал, цөм бүсүүдийн хамгааллыг сайжруулж, зочдод таатай аялах боломж олгохын зэрэгцээ хамгаалалттай газрын захиргааны ажлыг хөнгөвчилнө. Зочдод үйлчлэх төвүүд хүмүүст байгалийн үзэсгэлэнтэй газарт “хүрэлцэн ирсэн”-ийг мэдрүүлэх бөгөөд хамгаалалттай газрын дүрэм журам, нутгийн онцлог бүтээгдэхүүн ба үйлчилгээний талаар мэдээлэл авах эх үүсвэр болно.

Гуравдугаарт, хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлагатай. Mонгол Улсын ихэнх тусгай хамгаалалттай газруудад хог хаягдал цуглуулах, устгах зохион байгуулалттай тогтолцоо байдаггүй. Аялагчдын тоо нэмэгдэхийн хэрээр ахуйн хог болон шингэн хаягдал нь хөрс, усны ундаргыг бохирдуулж, зэрлэг онгон байгалийн үнэ цэнийг алдагдуулан, аялагчдын сэтгэл ханамжийг бууруулж байна. 

Монгол Улсын хуурай сэрүүн уур амьсгал, хамгаалалттай газруудын алслагдмал байршлыг харгалзан, олон төрлийн арга хэрэгслийг хослуулан ашиглах нь зүйтэй. Үүнд:

  • Жуулчны бааз, отог, машины зогсоолууд дээр бага өртөгтэй, хуурай жорлонг суурилуулах.
  • Бага оврын, бие даасан бохир ус цэвэршүүлэх байгууламжуудыг барих.
  • Одоо ашиглаж буй хогийн цэгүүдийг сайжруулах.
  • Нийтийн бие засах газар болон бааз отог ажиллуулах, засвар үйлчилгээг хариуцах орон нутгийн хог хаягдлын менежментийн багуудыг зохион байгуулах.

Эцэст нь, тусгай хамгаалалттай газрын захиргаадад илүү их дэмжлэг шаардагдаж байна. Хамгаалалттай газрын захиргаад нь төсвийн санхүүжилт хомс, тоног төхөөрөмж дутмаг, менежментийн төлөвлөлт хангалтгүй зэрэг хүндрэлүүдтэй тулгардаг хэрнээ асар уудам газар нутгийг хамран ажиллахын зэрэгцээ (Монгол Улсын нэг байгаль хамгаалагч дунджаар 86 мянган га газар хариуцдаг) аялал жуулчлалын хөгжил, хог хаягдлын менежмент, бүх төрлийн оролцогч талуудын хамтын ажиллагаа зэргийг хариуцах үүрэг хүлээдэг.

Эдгээр чиг үүргийг гүйцэтгэхийн тулд байгаль орчныг хамгаалах ухаанаас эхлээд оролцогч талуудтай зөвшилцөх зэрэг олон төрлийн ур чадвар, нөөц хөрөнгийг эзэмших шаардлагатай болдог. Иймд, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд:

  • Тусгай хамгаалалттай газруудад зориулж аялал жуулчлалын хөгжил, оршин суугчдын амьжиргаа, хог хаягдлын менежмент болон байгаль орчны хамгааллын асуудлуудыг тусгасан цогц төлөвлөгөө боловсруулах.
  • Хамгаалалттай газрын захиргаадын ажилтнуудыг чадавхижуулж, оршин суугчид, аялал жуулчлал эрхлэгчид болон бусад оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвар, чадамжтай болгох.
  • Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах (жишээ нь, тээврийн хэрэгсэл гэх мэт).
  • Хураамж авах цэг, байгаль хамгаалагчдын амрах байр зэрэг суурь дэд бүтцээр хангах.

Үзэсгэлэнт онгон байгаль, цаг хугацаагаар хэмжигдэшгүй уламжлалт ёс заншлаа хадгалахын зэрэгцээ аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Монгол Улсын хувьд амаргүй сорилт байх болно. Байгаль хамгаалал ба бүтээн байгуулалтын тэнцвэрийг хангахад салбар дундын хамтын ажиллагаа, зохицуулалт зайлшгүй чухал гэдгийг энэхүү нийтлэлд онцлохыг зорилоо.

Дээр дурдсан арга замуудын цөөнгүй хэсгийг АХБ-ны дэмжлэгтэй, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 4 жилийн хугацаатай хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн төсөл” болон одоо боловсруулж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тусган ажиллаж байна. Монгол Улсад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил урагшлахын хэрээр КАРЕК-ийн бүс нутгийн, хүйтэн сэрүүн уур амьсгалтай, эмзэг нөхцөлд тохирсон аялал жуулчлалын хөгжлийн аргазүй, туршлагуудаас суралцах, мөн тус бүс нутгийн орнуудтай туршлагаа хуваалцах боломжууд бий болно.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now