2019 оны 04 сарын 22
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.
Тухайлбал энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан бол 14-нд СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарч, түймрийн улмаас 12 айлын байшин, 3 гэр шатаад байна.
Харин өнөөдөр ЧД-ийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74,34, 10 ,63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймрийн улмаас 6 айлын байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.
Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ