Хамгаалалтанд авсан огноо: 1994 оны Засгийн газрын 9-р тогтоолоор
Газарзүйн байрлал: Бага Хэнтийн нурууны Өмнөд салбар уулс, Ар өвөр Горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамрагдана.
Засаг захиргааны хуваарь:Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино.
Талбайн хэмжээ, га: 292905.5 га
Хамгаалалтанд авсан үндэслэл: Бага Хэнтийн нурууны өвөр хэсгийн иж бүрдлийг төлөөлөхөөс гадна аялал жуулчлалыг зохион байгуулахад тохиромжтой. Улаанбаатар хотоос зүүн тийш 50-60 км-т, Хан Хэнтийн дархан цаазат газартай хил залгаа орших уул, хад, цохио, гол, горхи хосолсон үзэсгэлэнт сайхан Горхи-Тэрэлжийн бүсийг байгалийн унаган төрхөөр нь хамгаалах, зохион байгуулалттай аялал жуулчлал хөгжүүлж зүй зохистой ашиглах, зорилготой.
Байгаль, газарзүйн онцлог: Тус байгалийн цогцолборт газар нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг бөгөөд Улаанбаатарт ойрхон оршдогоос аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой, рекреацийн их нөөц бүхий Газар нутаг мөн. Энд Бага Хэнтийн нурууны Өмнөд салбар уулс, Ар өвөр Горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамрагдана. Хамгийн өндөр цэг нь 2664 м өндөр Авхаан уул юм. Хотгор гүдгэрийн хувьд ихэвчлэн бөмбөгөр оройтой, нилээд хэрчигдсэн эрсдүү хажуу бүхий уулс, тэдгээрээс эх авсан голуудын хөндий хосолсон уулархаг нутаг юм. Эндхийн уулс гол нуруунд хөндлөн чиглэлтэй хэд хэдэн салбар уулсаас тогтоно. Эдгээрийн дотроос хамгийн томд нь Алтан-Өлгий орно. Уур амьсгалын хувьд нийт Хэнтийн уулархаг орны нэгэн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай, зун нь уртгүй бөгөөд төдий л халуун биш. Долдугаар сарын дундаж температур +15.6 -аас +37 хэм, нэгдүгээр сарын дундаж температур -21 -ээс -27.4 хэм байна. Энэ нутагт харьцангуй их хур тунадас унана. Иймээс гол мөрний сүлжээ нягт байдаг. Эндхийн уулсаас Тэрэлж, Хурх, Баруун баян, Дунд Баян, Зүүн Баян зэрэголон гол горхи эх аван урсаж Туул голд цутгана. Уулын ар хажууд 1400 метрийн үнэмлэхүй өндөр хүртэл хар хүрэн, хүрэн хөрс, 1700-2000 метр хүртэл уулт тайгын чандруулаг ба ойн саарал хөрс тус тус тархаж уулын хавтгайдуу оройд уулын нугын хүрэнцэр нимгэн хөрс бүхий нугаар солигдоно. Харин уулын ой модгүй өвөр хажууд хүрэн хөрстэй. Горхи-Тэрэлж нь ургамлаар маш баялаг юм. Энд алаг өвс улалжит, алаг өвс-үетэнт, шинэсэн ой, сургар-алирс, ногоон хөвдөт, алирс, бадаант хуш бүхий шинэсэн ой, алаг өвс-улалж биелэг өвст, алаг өвс-өвст дундаж өндөр уулын хээр зонхилно. Ойн хил 1300-2200 хүртэл үргэлжлэх ба хар мод, хус, улиас, гацуур, нарс голлоно. Бутлаг ургамлаас нохойн хошуу төрөл бүрийн бургас, тавилгана, арц, тэрэлж алирс, манал ургана. Амьтдаас бор гөрөөс, буга, баавгай, гахай, хүдэр, үнэг, чоно, шилүүс, зээр, булга, дорго, суусар, үмхий хүрэн байх ба хур сойр, хотуу, ятуу, ногтруу, ятга, тоншуул, зэрлэг тагтаа, хэрээ, шаазгай зэрэг жигүүртэн шувуудтай.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ